Хуурамч чулуу үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг өмнөд хөршөөсөө бид элэг
нэгтнээ хуурахаар мэдсээр байж шил, хуванцар, синтетик, эсвэл будсан чулууг “байгалийн чулуу”, “яг ориг чулуу”, “жинхэнэ найдвартай чулуу” нэрийн доор зөөсөөр байна.
Олон хүмүүс чулууны эрчим энергийг ашиглах гэж, өөрийн орд гарагт тохируулж
хэрэглэх гэж Монгол хүний сайхан сэтгэлээ дэнчинд тавьж худалдан авч хууртсаар
байгаа учраас жинхэнэ чулууг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай хүмүүст хэрэг
болох энгийн аргуудыг бичлээ. Геологийн мэргэжлийн нөхдүүдийн чулууг шинжих гол аргууд нь эрдсийн хими,
физикийн шинж чанараар нь ялгаж хооронд нь ангилдаг байна. Тэдгээр гол шинжүүд
нь:
·
Эрдсийн
найрлага
·
Эрдсийн
талсжилт
·
Тоосны
өнгө, зураасны өнгө
·
Хатуулаг
1-10 мосс
·
Хагарал
·
Нягт
·
Гялга
буюу гэрлийн ойлт
·
Хүчил
шүлтэд хувирах байдал гэх мэт
Дээрх шинжүүдийг ашиглаж чулууг танихын тулд бид бараг геологич болох хэрэг
гарна. Мөн бидний чулуу эсэхийг нь мэдэх гээд байгаа зүйлүүд ихэвчлэн
бүтээгдэхүүн болсон байгаа учраас энгийн амьдралд ойр аргуудыг ашиглах хэрэгтэй
юм.
Өөрөө байгалиас түүгээд зүүлт хийчихсэн юм шиг худалч наймаачдын башир
үгнээс илүү доорх хэдэн аргад найдах нь хамгийн зөв юм шүү. Энд нэг зүйлийг сануулахад маш олон төрлийн
хуурамч чулуунууд орж ирж байгаагаас хамгийн түгээмэл болох төрөл бүрийн БОЛОР,
төрөл бүрийн МАНА, УНДРАМ, БАРЫН НҮД, ОЮУ, ХУВ, ХАШ, АНАР, САРАН ЧУЛУУ зэрэг чулууг таних
аргуудыг хуваалцаж байна.
Байгалийн чулууг таних энгийн арга:
1. Хуванцраас
ялгах арга: Технологийн хөгжил хуванцрыг өндөр төвшинд хийх хэмжээнд хүргэлээ.
Маш нягт, хатуу хуванцрыг чулууны нанг тоостой хольж олон янзын өнгө гаргаж
ХУВ, ХАШ, ОЮУ хийж байгаа. Танихын тулд гараар барьж хэр хүнд байна, хэр хүйтэн
байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Чулуун нэг жижиг 1х1 см доторх нимгэн зүүлт
5гр-аас илүү байх ёстой гэж баримжаалж болно. Хуурамч хувыг бүдэг шаргал дан
хуванцараар хийсэн нь түгээмэл байдаг учир маш хөнгөн байна. Харин оюу, хашийн
хувьд ямар нэгэн чулууны тоосны хольцтой учир харьцангуй хүнд. Тиймээс төмөр
зүйлээс зурж зураас гарч байгаа эсэхийг шалгаж болно. Боломжтой бол төмрөө галд
сайн халааж зурах хэрэгтэй. Зураас гарч байгаа бол хаш, оюу биш гэсэн үг. Чулуу
хүйтэн байдаг нь дулааны багтаамж сайтайн шинж гэхдээ халуун газар хүртэл
хүйтэн байна гэж ойлгож болохгүй. Арай удаан халж, удаан хөрнө гэсэн үг юм.
Тиймээс л хүйтэн чулуу барихад гарт хөлөрдөг юм.
2. Шилнээс
ялгах арга: Шилээр гайхалтай гоёл чимэглэл хийж болно. Үүний жишээ нь бидний
сайн мэдэх Swarovski юм л
даа. Энэ компани шил зүсэх, өнгөлөх сайн технологийг эзэмшдэг тэдний ихэнх
бүтээгдэхүүн шил бөгөөд цөөн тооны бүтээгдэхүүн нь байгалийн шил буюу болор
байдаг. Тиймээс хүний хийсэн шилэн чулууг байгалийн чулуунаас ялгах тун
амаргүй. Шилээр БОЛОР, МАНА, ХАШ, УНДРАМ, АНАР, САРАН чулууг дуураймлаар хийдэг. Хамгийн
эхлээд шилийг цутгахад үүссэн жижиг бөмбөлөг, хайлуулж хооронд наахад үүссэн
зааг судал байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хуурамч болор, мана, хашаас иймэрхүү
бөмбөлөг харагддаг. Харин ундрамын хувьд хуурамчаар хийх технологи нь 1940-өөд
онд үүссэн бөгөөд өнөөдөр цутгаж биш тунгааж том том цулаар нь хийдэг учир
бөмбөлөг харагдахгүй. Адилхан температурт байгаа шил чулуу хоёрыг гартаа
атгахад шил түргэн хугацаанд бүлээн болдог тэр хугацаагаар нь ялгаж болно.
Жинхэнэ чулууг нэг атгаж үзээд та баримжаатай болж болно. Мөн том хэмжээтэй засаж өнгөлсөн чулуу шил
хоёрыг төмөр зүйлээр тогшиж үзэхэд жинхэнэ чулууны дуу арай бүдүүн өнгөөр тод
жингэнэдэг. Мөн цахилгаан соронзон шинжийг ашиглаж болно. Байгалийн чулуу
цахилгаанждаггүй. Харин шил цахилгаанжиж тоос, жижиг хялгасыг өөртөө татдаг.
Тиймээс чулуугаа нийлэг зүйлд үрээд цахилгаанжих эсэхийг шалгаж болно. Эцэст нь
та чулуугаараа шилэн дээр зураас гаргаж чадаж байгаа, өөрөө шилээр зурагдаж
байгаа эсэхийг үзэх хэрэгтэй. Шилний хатуулга 5 орчим байхад Болор 6, Мана 7,
Хаш 6.5, Анар 7 байдаг байна. Тэгэхээр бүгд шилнээс хатуу бөгөөд шилээр үл
зурагдаж, шилэн дээр зураас гаргана гэсэн үг.
3. Синтетик
чулуунаас ялгах арга: Синтетик буюу таримал чулуу гэдэг нь чулууны бүтцийг
бүрдүүлж буй эрдэс түүхий эдээр лабораторийн нөхцөлд чулууг богино цаг
хугацаанд зохиомлоор хэлбэржүүлж гаргаж авч байгааг хэлдэг. Байгалийн чулуутай
адил химийн найрлага, физик шинжтэй учир ялгах арга бараг байхгүй. Гэхдээ нэг
зүйлийг бид анхаарвал амархан ялгаж болно. Байгаль ертөнц дээрх бүх зүйл
санамсаргүй тохиолдлын буюу дахин давтагдашгүй шинжтэй байдаг энэ төгс бус
шинжээр нь таньж болдог. Таримал чулуунууд нь төгс өнгөтэй, нэг эсийн 100 ихэр
шиг хоорондоо адил, ямар ч сийрэгжилт, нүх, хөндий зайгүй төгс байдаг. Харин
байгалийн цэвэр чулуу учиргүй тод биш боловч дахин үл давтагдах өнгө, мөн өөр
ямар ч чулуунд үл байх нүх сүв, сийрэгжилт алдаатай байдаг нь түүнийг эргээд
дахин давтагдашгүй төгс сонгодог зүйл болгодог.
4. Будмал
чулууг ялгах арга: Ромын үеэс эхлэн чулууг будагт оруулдаг Алхимичид түүхэнд
тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хар тугалгыг алт болгохоос илүүтэй тунгалаг маныг
рубин болгож байсан бололтой. Хожим нь 19-р зуунд Германы Идар Оберстейнд
чулууг буддаг маш олон пигментийг ашиглах болсон байна. Одоо хүн бүрийн хөөрөг
хийгээд байгаа Хужаагаас луухаагаар дамжуулж оруулж ирээд байгаа Европ, латин
Америкийн гэх хээ хуартай хямдхан манууд чухам Идар Оберстейний пигментүүдийн
уран зурагч байж магад юм. Учир нь хужаагийн чулуучид Монгол маныг баруун
гараараа шуудай шуудайгаар аваад солгой гараараа зөрүүлээд хэдэн хөөрөгчдөд будсан
манаа бразил, америк, чили, герман, франц гэж шошго наагаад өгөөд байгаа юм шиг
хар бууж байна. Идар оберстейний зарим нэг пигментүүдийн жишээ: Хар мана – чихрийн
ханасан уусмал + сульфатын хүчил
= цэвэр хар карбон, ногоон
мана – төмрийн пигмент +
хромын давстай уусмал + дулаан, Улаан мана – Төмрийн оксид + төмрийн нитрит + дулаан гэх мэт. Будсан чулууг таних амаргүй боловч
яг ижил тооны олон ширхэг байгаа эсэхээр таньж болдог. Чулууг байгаль будахдаа
бас зөндөө алдаатай гэх үү эсвэл онцгой гэмээр аргаар будсан байдгийг анхаарвал
хүний будсаныг амархан таниж чадна. Мөн зарим тохиолдолд чулууг өнгөцхөн будсан
нь хагарахад нь харагддаг гэхдээ ямар үзье гээд хагалаад байлтай биш.
5. Зах зээлээр нь ялгах арга: Чулууг хэн зарж байна гэдэг
нь том асуудал юм. Гудамжинд зарим нэг согтуу нөхөд 10гр алтан гинжийг 10
цааснаас өгнө гээд барьж явдагтай адил чулууг чулуу мэддэггүй хүн зарах нь тийм
л харагддаг юм. Магадгүй тэр согтуу “Намайг чи одоо 2 болгон харж байгаа Нэг нь үхэхэд
нөгөө нь үлдэх юм шиг санаж байгаа” Б.Лхагвасүрэн’ гэдэг шиг алт гээд өөрөө итгэчихсэн ч гуйвж байж мэднэ. Тэгэхээр
та чулуу авахдаа найдвартай борлуулагч сонгох учиртай. Найдвартай гэхээр
дэлгүүртэй гэж өнгөц ойлгох хэрэггүй харин чулууг мэддэг, чулуугаар хийдэг хүн
гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн чулууны төрөл, тоо хэмжээг харах хэрэгтэй. Яг
ижил чулуу гэж байдаггүй гэдгийг сана. Ер нь бол хамгийн чухал нь үнэ юм. Газрын
гүнээс олборлоод, уулнаас буулгаж цехэд авчраад, цав цууралтыг тойруулж зүсээд,
хэлбэрт оруулаад, цоолж нүхлээд, өнгөлж зүлгээд гарч ирсэн чулууг хэн ч маш
хямдхан зарахгүй байх.
Гэвч бас нэг зүйл байна. Монголд хийдгээсээ зөөдөг нь
илүү ашиг олдог буруу зүй тогтол бас байдгийг анхаарах. Хужаа нараас чулуу нэртай
шилийг 5 юаниар аваад энд 20 мянган төгрөг гэж зардаг хүн ч бас байна.
Тэгэхээр
эцэст нь мөнгө цагаан, нүд улаан зах зээлд та дээрх бүгдээс дүгнэж чулуу
сонгохдоо хулхитуулахгүй байх аргаа олоорой гэж хүсэж байна.